Заяын дээд хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Заяын дээд хүрээ ,Дээд хүрээ ,Буяныг дэлгэрүүлэгч,

Ринчений зураг дах дугаар :
213

Ринчений жагсаалт дах нэр :
Заяын гэгээний хүрээ /Дээд хүрээ, Буяныг дэлгэрүүлэгч/

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Архангай

Сум :
Эрдэнэбулган сум 3-р баг

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Сумын хуучин нэр :
Заяын гэгээний шавь

Товч түүх :


Архангай аймаг. Эрдэнэбулган сум. Заяын гэгээний хүрээ Монголд нэрд гарсан том хутагтын нэр цолоор бий болсон олон хүрээ хийд байсны нэг нь “Заяын хүрээ” юм.Заяын хүрээний анх үүсэл нь Түмэнхэн сайн ноён 1586 онд хуучин Түшээт хан, одоогийн Архангай аймгийн нутаг Булган уулын өвөр чонотын хөндийд Будда шашны нэгэн дуган барьснаас эхэлдэг.Арын сайхан хангайн үзэсгэлэнт сайхан Булган уулыг өвөрмөц сүрлэг тогтоцтой уул гэж нутгийн олон түмэн эрт дээр үеэс хүндэтгэн шүтэж, гол оргилыг “Хайрхан”, зэргэлдээ таван уулыг “Эрдэнэ” гэж нэрлээд Эрдэнэ Булган Хайрхан гэдэг байжээ.Сундлаа гурван оройтой, өндөр нь 1980 м, цагтын мэргэдийн оройн чимэг Богд Зонховын хөргийг элгэндээ мөнхөлсөн халхын Зая Бандида гэгээний хийдийг энгэртэй суурьшуулсан, одоогийн Цэцэрлэг хотыг монголчууд сайн мэднэ.Булган уулын орчны 48 хавтгай дөрвөлжин км газар нутаг нь төрийн хамгаалалттай дархан цаазат газар юм.Заяын хүрээг халхын гурван том хутагт ухаалаг мэргэн, уран сонирхолтой сонголтоор анх суурийг тавьж, Булганы өвөрт үүсгэн байгуулсан гэсэн нэгэн домог байдаг:Үүнд “Богд Занабазар, Манзуширын гэгээн, Заяын гэгээн Лувсанпэрэнлэй гурав гурав шинэ хийд байгуулах газар олохоор явж байгаад Булган уулын өвөрт хоноглох болжээ.Өндөр гэгээн эрлийн үзүүр биднийг энд авчирлаа.Гурвуулаа унтахдаа аягаа хөмөрч тавиад унтъя.Хэний аяган дор өнгөт цэцэг ургасан байх нь вэ? Тэр хүнд энд буян дэлгэрүүлэх хийдээ баръя гэхэд нь нөгөө хоёр нь зөвшөөрчээ. Үүр цайхын үед Зая гэгээн сэрээд нөгөө хоёр нь дуг нойрондоо дарагдан унтаж байхаар нь хэний аяган дор цэцэг ургаа бол хэмээн сэтгэл догдлон сөхөж үзэхэд өндөр гэгээний унтсан дүртэй хэвтэж байтал нөгөө хоёр сэрээд гурвуулаа босож аягаа сөхөж үзээд өндөр гэгээн “Жа, Зая бандида гэгээн залуу хүн болохоороо азтай ч байна, адтай ч байх шив дээ.Энэ газар чиний нутаг боллоо.Түмэн олон шавьтай болж, буян заяа чинь дэлгэрч явах болтугай гэж ерөөгөөд явахын өмнө Зая гэгээний чихэнд нь “Шавь нар чинь урт гартай байз болзошгүй, санаж яваарай” гэж захисан юм” гэдэг домог байдаг.1679 онд Зая гэгээн Лувсанпэрэнлэй ном эрдэм сурч ирээд Заяынхүрээг 5 дацан 200 гаруй ламтай, байнгын хуралтай болгон Манжийн хааны тийзтэй, баталгаатай хаяг авч, хийдийг “Гандан тэгчлэн төгс баясгалант” нэртэй болгон өргөжүүлснээр Заяын хүрээ байгуулагджээ.Мөн онд Гүнгэрэг, Дэмчиг зэрэг сүмүүд бариулжээ.1700 онд “Буяныг илтгэгч”, “Буяныг дэлгэрүүлэгч” сүмүүд байгуулжээ.Зая гэгээн Лувсанжигмэднамжил 1793 онд Занхан сүм, 1829 онд Дүйнхорын сүм, 1859 онд “Бүх ерөөлт” сүмийг бариулжээ.Зая гэгээн Лувсантүвдэнчойжинням Лаврин, Сэмчин сүмийг бариулж, Булганы оройд Нисэр бурхны сүм бариулжээ.Мөн “Галдан зуу” сүмийг Аргай чулуун шалтай болгож, хүрээнд нийтдээ 30 гаруй сүм, 40 гаруй сан жасын газартай шашны сургуультай, 3000 шахам лам нар ном хурал хурж буян үйлддэг болж, Сайн ноён хан айгийн 60 шахам хүрээ хийдийн харилцааны гол зангилаа, төв нь Заяын хүрээ болжээ.ХХ зууны эхэн үед Заяын хүрээ дээд доод хүрээ болон хоёр хэсэгт байрлан сүм дацан, дуган бүр тус тусдаа зориулалт, чиг үүрэгтэй, нарийн жаяг журамтай үйл ажиллагаа явуулдаг байжээ.Шашин төрийн хэргийг нэгтгэн захирсан Шанзов яамтай, тэр нь хэрэг заргыг шийдвэрлэж чаддаг, албан татвар зэрэг бүх асуудлыг шийддэг засаг захиргааны үүрэг гүйцэтгэж байв.Албан хэргээ үндэсний монгол бичгээр хөтлөн явуулдаг журамтай байв.Хүрээнд 1000 гаруй өрхийн 5000 гаруй хүн ам байсныг 8 аймаг /отогт/-т хувааж отгийн даргаар тайж, зайсан зэрэг тушаалтай хүн ажиллаж, тамгын газартаа захирагддаг байжээ.Хүрээний дацангуудын харьяанд шавь ардууд захирагдаж байсныг нэг нь Дэмчиг дацангийн шавь нь манай Эрдэнэмандал сум байсан юм.Хан-Оюут, Хайрхан сум Гүнргэрэг дацанд харьяалагддаг байв.Дэмчиг дацангийн гол шүтээн нь Дэмчиг бурхан, салбар дуган нь сумын төвд байсан бөгөөд бас Дарь-эхийн байшин мөнхийн зултай нэг гониртой байсан юм даг.Дэмчиг дацан гэр дугантай байсан.Энэ дуганд жил бүрийн намар Заяын хүрээнээс лам нар болон есөн цагаан морьтой хүн ирж, 7 хоног хурал ном хураад дараа нь Хан өндрийн овоог тахиж, морь уралдах, бөх барилдах зэрэг жижиг наадам хийдэг байлаа.Лам нар буцахдаа есөн цагаан морьтой хүн хадаг яндар чимэгтэй даллагын сүм барин гэр дуган, дарь-эхийн байшинг нар зөв есөн удаа гороолон тойрч ёслол үйлдээд буцдаг байжээ.Дэмчиг дацан мал сүрэг ихтэй, ялангуяа адуу, үхэр, хонь олонтой, хонь нь түм хүрсэн учир ган тулгатай байсан гэдэг.Жил бүрийн намар сүрэгчдийн малыг тоолж, данс тооцоо хийж, малаа тамгалдаг байсан гэдэг. Дээрхи баримтуудаас үзэхэд Сайн ноён хан аймгийн Заяын гэгээний хүрээ нь 2500- 3000 лам хуврагтай 2000 гаруй энгийн ард иргэд төвлөрөн суусан зөвхөн Сайн ноён хан аймаг төдийгүй 17-20-р зууны эхэн үеийн монголын нийгмийн хүн амын давхрааны бүх төлөөлөл суурьшсан томоохон суурин газар нөгөө талаар дорно дахины бурхны шашны соёл, боловсрол, шинжлэх ухааны голомт газар байжээ. 1932-1937 оны үед тухайн үеийн төр засгаас сүм хийдийн эсрэг авч явуулсан бурангуй арга хэмжээний үрээр энэ хүрээнээс хэдэн зуугаар тооологдох лам хуврагууд хэлмэгдсэн төдийгүй буддын уран барилгын томоохон цогц дурсгал болсон сүм хийдийг нурааж устгасан байна. Харин Заяын дээд хүрээний сүм хийдийн уран барилгын цогцолбор түүний дотор Заяын гэгээний Сэрүүн лавиран болон хэд хэдэн дуган бүрэн бүтнээрээ үлджээ. Энэхүү Заяын гэгээний Сэрүүн лавиранд 1966 оноос хойш аймгийн Орон Нутгийг Судлах Музей ажиллаж эхэлсэн ба одоо Заяын гэгээний хүрээний сүм музей нэртэйгээр байгуулагдан буддын шашинд монголчуудын оруулсан хувь нэмэр буддын их ухаан соёлын гайхамшигт өв уламжлалыг хойч үеийнхэнд сурталчлан таниулах эрхэм үйл ажиллагаа явуулж байна. Нөгөө талаар Заяын доод хүрээ Заяын дээд хүрээний хурал номыг сэргээн өв уламжлалыг нь залгамжлан Булган уулын энгэрт хуучин хүрээний гортиг дотор шинэ цагийн “Өлзийг бадруулагч” хийд, “Төгс баясгалант” хийдүүд байгуулагдан сүсэгтэн олондоо үйлчилж байна. Халхын Зая бандида хутагтуудын тухай. Буддагийн шашны тэргүүн богд, гэгээн, хутагт хувилгаадын хойт дүрийг тодруулах, өргөмжлөн ширээнд залах, шүтэж бишрэх ёс байсны нэг нь Зая бандида хутагт байжээ. Бурхны шашны түүх уламжлалд нэрд гарсан Зая бандида гэгээн Монголд тодрохоос өмнө Энэтхэгт 5 удаа, Төвдөд 3 удаа тодорч ширээнд залагдаж байжээ. Гандантэгчлэн хийдийн эрдэмтэн лам Ц.Отгонбаяр бичихдээ: “... Зая Хутагт 2542 жилийн өмнө бурхны гэгээнд алтан элс өргөж, бодь сэтгэлийг үүсгэж, Энэтхэгт 5 удаа, Төвдөд 3 удаа, Монголд 7 удаа мэндлэхдээ Монголын төр, шашинд давтагдашгүй гавьяа байгуулжээ” гээд дүрүүдийг бичихдээ: а. Энэтхэгт I Жансанжамба буюу Хаан Анок, II Чойжилнянаммэд, III Товуу Самбуу , IV Шубамгара , V Их бандида Раднаасэдэд, б. Төвд газар. VI Лодойравдан, VII Содномбалдуй, VIII Их бандида Чоглойнамжил гэжээ. Монголд 7 удаа тодорсон Заяын гэгээнүүд. IX Сайн ноён хан Хөндлөн Цоохор.Сайн ноён хэмээн алдаршсан Хөндлөн Цоохор нь Чингисийн 29-р үе үйзэн Онох ноёны 3 дугаар хөвүүн бөгөөд Халхын 7 хошууны шашин төрийн үйлийг эрхэлж байхдаа Халхаас Төвдөд нэн түрүүн одох замыг гаргаж Баруун зуу хүрч Далай лам, Ванчин эрдэнэ нарт мөргөж явахдаа тэнд улаан шарын шашны хооронд хүчтэй тэмцэлдэж байсныг номхотгоход тусалж явсан байна. Энэ тухай Далай лам, Ванчинбогд нар, та эрт дээр үеэс нааш бурхны шашинд их тустай байсан ба тодруулан үзэхэд номын хаан мөн гэж тодорхойлон өргөмжилж Зая бандида цол шагнажээ. Ах Абатай сайн хаантай хамтран Эрдэнэ зуу хийдийг байгуулжээ. Түмэнхэн сайн ноён 1586 онд Архангайн Булган уулын өвөр Чонотын хөндийд нэгэн дуган байгуулсан нь Заяын хүрээний эхлэл байжээ. X Халхын Зая гэгээн С.Лувсанпэрэнлэй./ 1642-1715/ Зая бандида хутагтын 10-р дүр буюу Халхын анхдугаар Зая гэгээн Лувсанпэрэнлэй Чингисийн удмаас төрсөн Түмэнхэн сайн ноёны ая Гэрсэнз хун тайжийн III хүү Онох үйзэн ноёны IV хүү Түмэнхэн сайн ноёны ураг Хөндлөн увш ноёны хүү болон 11-р жарны усан морин жил, аргын тооллын 1642 онд зуны эхэн сарын 15-ны наран гарахын өмнө одоогийн Архангай аймгийн Цэцэрлэг сумын Мухар хужирт гэдэг газар төржээ. Эцэг Сунтар, эх Орхидайн II хүү юм. С. Лувсанпэрэнлэй Монгол оронд бурхны шашин дэлгэрүүлэхэд гавъат үйлс бүтээсэн шашны нэрд гарсан том зүтгэлтэн байжээ. Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын наран саран мэт дотны хоёр шавь нь Лувсанпэрэнлэй, Лувсанданзанжанцан хоёр байсан гэх бөгөөд зарим судар номд монголын бурхан шашны гурван зул, оргил нь Занабазар, Лувсанпэрэнлэй, Лувсанданзанжанцан нар мөн гэж бичсэн байдаг. Лувсанпэрэнлэйг анх 13 настай Хутагтын ширээнд залагдахад богд Занабазар Ноён хутагт цол, V Далай лам Лувсанжамц , Ванчин-Эрдэнэ нар Зая бандида номын гэгээн цол хүртээж хаш тамгаар шагнажээ. 1586 онд Түмэнхэн сайн ноён Булган уулын өвөр Чонотын хөндийд бариулсан ганц дуган байсныг С.Лувсанпэрэнлэйн үед 1679 онд 5 дацан 200 гаруй ламтай болж өргөжин, түр цагийн хурал байсныг байнгын хуралтай болгож, Гүнрэг, Дэмчиг дацанг байгуулж, 1696 онд Манжийн хаанаас баталгаат хаяг авч Заяын хүрээг “Төгс баясгалант, буяныг дэлгэрүүлэгч” гэж нэрлэн суурийг тависан учир Богд хаан Занабазар С.Лувсанпэрэнлэйд алт 10 лан, мөнгө 50 лан, булганы арьс 10ш, унах сайн морь 18, агт морь 30, олбог түшлэг, орхимжийн хамт шагнажээ. 1674 онд Лувсанпэрэнлэйн эцэг Эрдэнэзууд цамбын сүмийг бариулж байжээ. С. Лувсанпэрэнлэй төрөлхийн гоц ухаантай сэргэлэн хүүхэд байсан учир 5 настайгаасаа ном заалгаж монгол төвд бичиг сурч, уран зохиол, зураг урлал сонирхож бурхан бүтээх, ном судар бичих, орчуулах билэг авъяас нь тодорч улмаар номын мөр хөөж Цастын төвд орны Лхас зэрэг том хүрээ хийдэд 19 жил шавилан сууж төвд, санскрит хэлээр бурхны ном, гүн ухаан, уран зохиолын ном эрдэмд гарамгай суралцаж, их боловсрол мэдлэг эзэмшжээ. Түүнийг 60 хасаг тэрэг ном уншсан их эрдэмтэн гэдэг байв. Ардын уран зохиолч агсан С.Эрдэнэ Занабазар романдаа: “... Зая гэгээн Лувсанпэрэнлэй гэгч хориодхон настай энэ шөвгөр бор залуу бол гаргууд хурц ухаантай, эрдэм номоор халхын даяар цууд гарч, баруун зууд 3 жил болохдоо Далай лам, Ванчин-Эрдэнэ нарт үнэлэгдэн энэтхэг, төвд судар номыг үзэж төвд, манж, самгарид бичиг сурсан нь жириййн хичээнгүй ламын 10 жилд үзэж барахгүй ном эрдэм гэсэн үг юм ...” гэжээ. С. Лувсанпэрэнлэй шашин-гүн ухаан, яруу найргийн онолын зохиолыг орчуулахын зэрэгцээ зохион бичих ажлыг өргөн хэмжээтэй хийсэн эрдэмтэн болно. Халхын анхны Зая бандида гэгээн С.Лувсанпэрэнлэй 1715 онд 73 настайдаа таалал төгсч, шарилыг Заяын хүрээний лавиран сүмийн барун урд оршуулж суваргалсан ажээ. XI Зая гэгээн Лувсанняндаг. Түшээт хаан аймгийн Ван Цэрэнпилийн хошууны мээрэн Ганжууржавын гэрт төрсөн.1723 онд Зая гэгээний хойт дүрд тодруулан өргөмжилсөн бололтой. 1733 онд төвд оронд очиж ном эрдэмд 6 жил суралцаад онц боловсорсон учир Далай лам, Ванчин-Эрдэнэ нар түүнийг шашныг тодруулагч цол зэргээр мөн 7 эрдэнэ, 8 тахилаар шагнажээ. Далай лам Чойр дацангийн сүм бариулж өгсөн байна. 1735 онд Манжийн хааны зарлигаар Лувсанняндагт хутагтын тамга олгож хошуунаас нь тусгаарлан харъяат шавь ардыг захиран Шанзов яамны газрыг байгуулжээ. 1738 онд Жанрайсэгийн сүм, 1739 онд Ханчин сүмийг бариулжээ. Зая гэгээн Лувсанняндаг 1765 онд таалал төгссөн ажээ. XII Зая гэгээний хувилгаан Лувсанжигмэддорж. Сайн ноён хан аймгийн Чин ван Чингүнжавын хүү тэнгэр тэтгэсний 32 онд төржээ. Өвөг эцэг Эфүцэрэнгийн адил төр, шашны болон манжийн хааны үйл хэрэгт хүчин зүтгэсний учир зэрэг цол нэмэгдэж, Заяын гэгээнд өргөмжлөгдөн 1802 онд Манжийн хаанаас түүнийг шар бүрээстэй сүйх тэргээр шагнажээ. Зая гэгээн Лувсанжигмэддорж Бээжинд Жүн-Вангийн ордны давхар хаалганы дотор тэрэгтэйгээ орж ном айлддаг эрх ямба бүхий том хутагт байсан байна. Тэрээр шашшин амьтны тусын тулд олон боть ном зохиосон боловч сүм бариулаагүй байна. Тэр 1803 онд таалал төгсчээ. XIII Зая бандида хутагт Лувсанжигмэднамжил. Сайн ноён хан аймгйин Ван Сампилдоржийн хошууны тайж Дамраны гэрт төржээ. Тэр өмнөх хутагтын эдэлж явсан эдлэл хэрэглэлийг эндүүрэлгүй таньж Хутагтад өргөмжлөгдөн ширээнд залагджээ. Төвдөд явж эрдэм номд суралцахдаа төвд хэлээр чөлөөтэй сэтгэн бодож, ном зохиол туурвихын үлгэр жишээ үзүүлж байжээ. 1793 онд Занхан сүм, 1829 онд Дүйнхорын сүм бариулжээ. 1829 онд Манжийн хаанаас Лувсанжигмэднамжилыг улбар шар бүрээстэй жууз тэргээр шагнажээ. 1830 онд их цэргийн хэрэгцээнд хувиасаа 130 тэмээгээр тусалсан учир гурван эн торгоор шагнуулжээ. 1833 онд Норовлин уулын өвөрт / Өлзий бадруулагч/ сүм бариулж байжээ. Мөн 1862 онд Бүх Ерөөлт нэртэй сүм бариулжээ. Лувсанжигмэднамжил 1867 онд таалал төгсчээ. XIV Зая гэгээн Лувсантүвдэнчойжилням /Жамбацэрэн/. Санй ноён хан аймгийн заяын шавийн нутаг Тээл гэдэг газар луу гүн ноёны хүү болон мэндэлжээ. 13-р Далай лам Түвдэнжамц түүнийг 4 настайд нь тодруулан 1908 онд ширээнд залжээ. Ёонзон Гэлэгдорж лам, Дарва бандид Чойжүр Дондов ламаар ном заалгаж мэргэдийн зэрэгт хүрчээ. Зая гэгээн Жамбацэрэн 1914 онд Заяын дээд доод хүрээнд байнгын хуралтай 5 дацан, 23 сүм, 41 сан жастай, 2500 шахам ламтай , мөн 600 шахам шавьтай шашны сургууль байгуулжээ. 1918 онд Заяын шавийн нийт мал 70323 хүрч жасын хонь түм хүрсэн учир ган тулгатай байв. 1824 онд Заяын шавь 2400 өрх, 16169 хүн ам, 16 суманд хамрагдаж байжээ. Зая гэгээн Лувсантүвдэнчойжилням буюу Жамбацэрэн 1914 онд улбар шар хөшигтэй сүйх тэргээр, 1915 онд төрөлх нэвтэрхий цэцэн, бишрэлт, 1918 онд товч мэргэн, шадар билэгт цол, улбар шар жолоогоор тус тус шагнагдаж байжээ. Зая гэгээн Жамбацэрэнг ард олныг шашны суртлаар төөрөгдүүлсэн, Барон Унгернд уналга хөсөг тусалсан, ардын ангийн эсэргүү дайсан, шар харгисын нэгэн мөн хэмээн 1930 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын 8 дугаар тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр цаазлан хэлмэгдүүлсэн байна. XV Зая бандида хутагтын 15, халхын зая гэгээний 7 дугаар дүр тодорсон нь. 1999 оны зуны адаг сар, цагаагчин хонин сарын 10-ны шидийн барилдлагатай, нэг цагаан мэнгэтэй, улаан хулгана өдөр буюу 7 дугаар сарын 23-ны баасан гаригт халхын Зая гэгээний 7 дахь дүр тодоржээ. 14-р Далай лам Данзанжамцаас Гандантэгчлин хийдийн хамба лам Чойжамцад ирүүлсэн бичигтээ:”1972 оны 1 дүгээр сарын 18-нд төрсөн 27 настай Самбуугийн Баяртыг гэгээний хойд дүр мөн” гэжээ. Зая гэгээний 7 дахь дүр нь : Лувсанданзанпүлжинжигмэд буюу Самбуугийн Баярт юм. Эцэг Самбуу нь Булган сум, эх Цэрэнлхам нь Эрдэнэмандал сумын хүн юм. Зая гэгээн хутагт С.Баяртыг Лувсанпэрэнлэйн сүм музейн хурлын танхимын голд зассан долоон давхар олбог бүхий сэнтийд туулай жилийн зуны адаг сарын хулгана өдрийн хонин цагт суулгаж хүндэтгэжээ. Холбогдох эх сурвалж: 1. Ч.Банзрагч, Б.Сайнхүү. “Монголын хүрээ хийдийн түүх” Уб.2004 2. Л.Чулуунбаатар. Төвдөөр гийсэн монгол мэргэд Уб.2004 3. Ц.Отгонбаяр. Халхын Зая бандида хутагтын товч намтар. УБ 1999 4. Д.Дагвадорж. Монголын шашин суртхууны тайлбар толь. УБ 1995 5. Д.Мөнх-Очир. Багш шавь богд нарын цадиг. УБ. 1995 6. Р.Өлзийбуян, Д.Чулуун. Халхын Зая бандида гэгээн. УБ 2001 7. Архангай аймаг. Заяын хүрээний сүм музейн эрхлэгч Даваадорж гуайтай хийсэн ярилцлагаас. 2007.07.01

Байршлын тайлбар :
Өндөр уулын бүсэд буюу Булган уулын өвөрт Эрдэнэбулган сумын төвийн баруун хойд хэсэгт Заяын дээд хүрээ буюу одоогийн Өлзий бадруулагч хийдийн өмнө талд (100 орчим метрийн өмнө) байдаг.

GPS хаяг :
North 47° 28’  East 101°  27’

Сүм хэвээрээ үлдсэн :
Yes

Судалгаа явуулах үеийн байдал :
Заяын гэгээний доод хүрээний сүм дуганаас бүрэн бүтэн Сандуй дацанд өнөөдөр Төгс баясгалант буюу Буяныг Дэлгэрүүлэгч хийд төвлөрөн уншлагын гол цогчэн дуган болгон ашиглаж байгаа. Мөн аймгийн О.Н.С.Музей, Сэрүүн лавиран байрладаг.

Сүм хийд байгуулагдсан он :
1681

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1932 - Ярилцлагын дугаар:
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
АРЭБ 012

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Самбуу, Баатаржорвон, Наваантаяа - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : 1990 оны 6 сар - Number of recorded interview: 001

хуучин хийдийн лам нар
1000-4000 лам

Тэмдэглэл :
6 аймаг дагуулан бүгд 26 сүм дуганаас гадна жижиг барилга лам нарын орон сууцны байшин барилга олон байжээ. Хийдийн төв дунд Заяын хүрээний Гүдэн лавиранг байгуулж лавирангийн баруун талд Цогчэн дуган, үүдэн хашаанд жижиг сүм, түүний зүүн хажууд хүрд бий.

Хүснэгтийн дугаар :
АРЭБ 052

судалгааны баг :
Team: Г

Даваадорж


Аман түүх

Газрын зураг :

Архивын зургууд :