Монголын Сүм Хийдийн Түүхэн Товчоо

Монголын сүм хийдийн түүхэн товчоо төслийг Монголд буддын соёлын өвийн төсөл дээр ажиллаж байсан олон улсын судлаачид Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран 2004 оноос хэрэгжүүлсэн билээ. Энэхүү төсөл нь Монголын Урлагийн Зөвлөлийн соёлын өвийн хөтөлбөрийн соёлын өвийг хадгалан хамгаалж хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхэм зорилготой нийцсэн юм. Төслийн баг 2005/2006 онд Улаанбаатар хотноо, 2007 онд нийт 21 аймагт сүм хийдийн талаарх хээрийн судалгааг явуулсан билээ. 20-р зууны эхэн үед оршиж байсан Бурханы шашны сүм хийдүүдийн ерөнхий мэдээлэл, газарзүйн байршлыг багтаасан мэдээллийн сан бүрдүүлэх нь төслийн гол зорилго байсан ба сүм хийдэд шавилан сууж байсан ахмад буурлуудаас ярилцлага авч 1938 оноос өмнө Монголд байсан сүм хийдийн талаар тэдний дурсамж, дурдатгалыг тэмдэглэн үлдээсэн нь чухал ач холбогдолтой ажил байлаа.

Монголд байсан болон эдүгээ оршин байгаа сүм хийдүүдийн түүх, гэрэл зураг, аман түүхийн эх сурвалж бүхий цогц мэдээллийг багтаасан энэхүү цахим хуудас нь Сүм хийдийн түүхэн товчоо төслийн үр дүн билээ.